2012-03-10
Таксины жолооч сургамжит өгүүллэг
Тэр өдөр нэгэн таксины жолооч машиндаа суух үйлчлүүлэгч хайсаар гудамжаар явж байлаа. Хоёр, гурван хүн хүргэчихээд гэртээ харихаас даа гэж бодож явлаа. Их ч ядарсан байлаа. Машинаа хараад дотроо баяртайгаар “Талхны мөнгийг минь залгуулаад л байх юм даа, хөөрхий минь” гээд замын хажууд согтуу хэвтэж буй хүнийг болон хог ухаад зогсож буй хүнийг хараад, тэдгээрийг өөртэйгээ харьцуулж үзэнгээ “Би ч сайн яваа юм байна...” гэж бодож явлаа. Цагаа хараад “Ёооё, их орой болсон байна. Нэг хүн гараад ирдэггүй юм байх даа. Хоосон сэлгүүцсээр байгаад түлш дуусах нь” гэж боджээ. Маргааш ахындаа очих учраас өглөө эрт босно, тиймээс эртхэн харих ёстой байв. Гэвч юм бүхэн хүссэнээр болох биш дээ. Ахынхаа тухай бодож, түүний төлөө санаа зовнин “Ах минь дээ, мөрийтэй тоглоомыг яагаад ч хаяхгүй юм даа, ингэж яваад өрөнд унавал ч таныг өршөөхгүй байлгүй дээ, цаадуул чинь” гээд дахин гүнзгий гэгч санаа алдлаа. “Гэхдээ та намайг өнөөдөр л мөнгө олоод өг гээд байсан, тэр мөнгө ч бараг олдохоосоо өнгөрөв бололтой. Маргааш өглөө л хүн хараас хэдэн төгрөг олоод тандаа аваачиж өгөөд өрнөөс чинь салгаж, санааг чинь нэг амраая даа. Энэ янзаараа байвал та өөрийгөө, намайг бас ар гэрийнхнээ цөмийг нь үгүй хийх нь ээ!” Яг ийнхүү бодлогошрон явж байтал замын хажууд гараа өргөн зогсох хүнийг олж хараад ихэд баярлав. Тэр хүн машинд суумагцаа л сандарч аахилсаар “Түргэлээрэй, хүү минь. Энэ дундуур ороод, тийшээ” гэхэд жолооч хэн нэгний бие нь муудаж түүнийг эмнэлэгт хүргэх юм байна гэж ойлгосон ч түүний ярианы үргэлжлэлийг сонсоод тээршааж эхлэв. Машинд суусан хүн “Бурхан минь гэж, аймшигтай юмаа, тэр хүнийг бүр дөрвөн удаа хутгалчихсан байна. Ямар нэгэн зүйл хийхгүй бол тэр хүн цус алдаад үхэж мэдэхээр байна. Ядаж байхад хэн ч туслахгүй юм, цугларсан хүмүүс хараад л зогсоод байх юмаа” гэхийг сонссон жолоочийн дотор нь эвгүйрхэж, “Машин минь тэр чигээрээ цусан далай болох нээ” гэж бодлоо. Нөгөө хүн үргэлжлүүлсээр “Бодоод үз л дээ, хүн цус алдаад үхэх гэж байхад хоёр ч машин авалгүй хурдхан тэндээс зугтаад явчих юм. Бодох тусам галзуурмаар гээч. Аан за, бараг ирчихлээ. Нөгөө шархтай хүн маань тэр олон хүний дунд байгаа” гэхэд жолооч намуухан дуугаар “За за, тэр хүнээ аваад ир, би машинаа эргүүлээд тавьж байя. Цаг алдаад яахав” гэжээ. Нөгөө хүн “За” гээд машинаас бууж, цугларсан олон руу “Алив зам тавиарай, би машин аваад ирлээ” хэмээн хашхирав. Гэвч шархтай хүн дээрээ очиж амжаагүй байтал түргэн гэгч нь тэндээс холдох машины дууг сонсоод зог тусан, дугаараа нуух санаатай гэрлээ хүртэл унтраан тэндээс зугтаж байгаа машиныг харсаар хоцров. Түүний сэтгэл нь үймэрч, уйлагнасан дуугаар “Бурхан минь!, Бурхан минь!” Бид чинь яагаад байна аа, хүн чанар гэж үгүй болжээ” гээд сөхрөн уйллаа. Таксины жолооч толиндоо сүүлчийн удаа хойшоо хараад, түүнийг хараан зүхсээр үлдсэн олныг тоосон ч шинжгүй хурдаа дахин нэмж гэнэ. “Надад ер нь ямар хамаатай юм бэ? Шархтай хүнийг аваад, машин тэргээ завааруулаад сууж байх зав хаана байна вэ? Өөр машин олно биз” гэж бодов. Одоо ингээд л өөр машин олдох байлгүй хэмээн өөрийгөө аргадан халааснаасаа гадаад тамхи гарган татаж эхлэв. Ингээд ч зогсохгүй дотроо даажигнах аястай “Энийг хэн газрын мухарт ирж хэвт гэсэн юм, алуурчдад хэлээд эмнэлгийн үүдэнд хатгуулъя гэхгүй” хэмээн инээмсэглэхдээ гартаа барьсан тамхи руугаа хараад “Бид ч арчаагүй хүмүүс юм аа. Энэ тамхийг үйлдвэрлэдэг улсуудын ард иргэд нь энэ хорыг татахгүй байхад, бид худалдаж аваад л хордож байдаг. Манайхан ч энийг хорихгүй юм. Тэдний ч зөв байлгүй дээ. Бид авахаа болиод ухаажиж эхэлбэл хэндээ ч зарах билээ дээ. Ээ хөөрхий, тамхи ийм үнэтэй байхад газар дээрээ хямдхан зарагдаж байгаа ногоог хүн авахгүй байна гэнэ” гээд тамхиа таатайхан сорон юм бодож явтал бас нэг хүн гар өргөн зогсож байхыг олж харав. “Үйлчлүүлэгч гэдэг чинь ийм л цэвэр цэмцгэр хувцасласан байдаг юм. Илүү хөлс ч өгч магадгүй” хэмээн дотроо шивнэв. Таксины жолооч тэр орой хэд хэдэн хүнд үйлчлээд сэтгэл амар гэрийн зүг ойртож явтал гэрийнх нь үүдэнд хүлээн зогсох хүмүүсийг олж харжээ. Юу болсон юм бол гэж хэсэг гайхширснаа, ямартаа ч машинаа гаражид хийгээд тэдний зүг явахаар шийдсэн байв. Гэтэл түүний хөрш “Машинаа хийгээд хэрэггүй байх аа, одоо явах хэрэг гарах нь” гэв. Маш их гайхсаар, үүдэн дээрээ түүнийг хүлээн зогсож буй эхнэр хүүхдүүд рүүгээ ойртон ирж “Юу болсон бэ?” хэмээн асуухад эхнэр нь түүнийг тэврэн уйлж, “Ах чинь өнгөрчихлөө” гэхэд жолооч залуу учиргүй чичирсээр “Ах минь гэв үү, Яаж тэр вэ?” “Хутгалуулчихсан гэнэ, цус алдан нас барсан байна” гэхэд дотор нь пал хийж “Хэзээ тэр вэ?, Хаана?” гэж асуугаад эхнэрийнхээ хариултыг сонсон ёстой л тэнгэр газар ниргэх шиг болов. Түүний нүдний өмнүүр машиныхаа гэрлийг унтраан зугтсан гудамж, цугларсан олон хүн дахин нэг удаа өнгөрөх шиг, тэр тусмаа тэр олон хүний дунд хэвтэж буй танил царай өөр лүү нь харж байгаа мэт болсоор өөрийн эрхгүй ухаан алдан унажээ. Түүний орхиод зугтсан хүн ах нь байжээ.
Бичсэн: сургалтын блог | цаг: 18:18 | Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax